Тоглоомны насны ангилал
Дэлхий дээр хүлээн зөвшөөрөгдсөн хэд хэдэн насны ангилал тогтоогч байгууллага байдаг бөгөөд тэдгээрээс хамгийн том нь ESRB болон PEGI нар юм. Эдгээр байгууллагууд нь бусдаас хараат бус байдлаар үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд тэднийг хахуульдах, үйл ажиллагааг нь зогсоох эрх хэнд ч байдаггүй тул хамгийн үнэн зөв үнэлгээг тоглоомонд тогтоож чаддаг.
ESRB нь Entertainment Software Rating Board гэсэн үгний товчлол бөгөөд Канад болон АНУ-д гаргасан тоглоомнуудад хяналт тавидаг. Тоглоомын зах зээлийн хамгийн том худалдан авагч буюу үйлчлүүлэгчид нь АНУ -д байдаг тул энэ байгууллагаас үнэлгээ авалгүйгээр худалдаанд гарсан тоглоом бараг байхгүй гэж хэлж болно. 1994 онд байгуулагдсан.
Харин PEGI нь Pan European Game Information гэсэн үгний товчлол бөгөөд Европын холбооны улсуудад гаргах тоглоомнуудад үнэлгээ өгдөг юм. Дэлхийн худалдан авагч зах зээлийн 2 дох томоохон төлөөлөгч нь европын холбооны улс гэдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Гэхдээ энэ үнэлэмжийн системийг зөвхөн европт худалдаалагдаж буй тоглоомнууд дээрээс л олж харах боломжтой юм. 2003 онд байгуулагдсан.
Тоглоомын эдгээр байгууллагууд үнэлэхдээ бараг адилхан үнэлгээ өгдөг. Зарим улсуудын онцлог, шашин шүтлэг, ёс заншилаас үүдэн арай өөр үнэлгээ өгөх нь ч бий. Гэхдээ энэ бол маш ховог тохиолдол юм.
Эдгээр байгууллагууд үнэлэмжээ тоглоомны хайрцагны нүүрэн талд, дискэн дээр хүний нүдэнд шууд тусах газар тусгай тэмдэглэгээгээр тавьдаг.
Ингээд эдгээр тэмдэглэгээнүүдтэй танилцъя:
Бага насныханд. Энэ ангилалд 3 - 10 насны хүүхдүүд хамаарах бөгөөд 1994 оноос эхлэн мөрдөж эхлэсэн байна. 3 -с доош насны ангилалд багтсан тоглоомонд Сургалтын гэсэн үнэлгээ өгдөг бөгөөд тийм үнэлгээ авсан тоглоомонд тусгай тэмдэглэгээ хэрэгцээгүй байдаг байна. Энэ төрлийн тоглоомнууд нь ойлгомжтой өнгө дүрс нь хүүхдэд зориулагдсан байдаг бөгөөд тоглох хэлбэр нь ч мөн адил энгийн бяцхан хүүхдэд зориулагдсан байдаг. Мөн ямар нэг хүчирхийлэл, согтууруулах ундаа, мансууруулах эм бэлдмэл гэх мэт зүйлсийг огт агуулааагүй байдаг байна.
Энэ ангилал нь бараг хамгийн түгээмэл байдаг бөгөөд 6-с дээш бүх насныханд тохиромжтой гэсэн утга агуулдаг. Энэ ангилалд багтсан тоглоомнууд дээрхийн адил ямар нэг хүчирхийлэл, ёс бус зүйл огт агуулдаггүй. Гэхдээ хүүхэлдэйн баатрууд, уран зөгнөл, маш бага хэмжээний хүчирхийлэл агуулдаг. Бага хэмжээний хүчирхийлэл гэдэг нь тоглоомны баатрууд эсрэг талынхнаа цохих дээр нь гарах гэх мэт. Энэ ангилалыг 1998 оноос мөрдөж эхэлжээ
Энэ ангилал сүүлийн үед их түгээмэл болсон. Учир нь дээрх ангилл 6-с дээш насныханд зориулагдсан байдаг бол энэ ангилал нь 10 -с дээш насныханд буюу арай учир ойлгодог болсон хүүхдэд зориулсан юм. Энэ ангилалын тоглоомнууд бага хэмжээний хүчирхийлэл, уран зөгнөл, хиймэл цусны зураглал, ёс бус үг хэллэг зэргийг агуулдаг. Гэхдээ таны хүүхэд 10-с дээш насных бол ямар нэг хортой эсвэл буруу зуршил өгөх зүйл байхгүй. Энэ ангилалыг 2005 оноос эхлэн хэрэгжүүлсэн.
Өсвөр насныханд зориулсан ангилал буюу 13 болон түүнээс дээш насныханд зориулсан тоглоомыг илтгэнэ. Энэ төрлийн тоглоом нь дунд зэргийн хүчирхийлэл, бохир хошигнол, цус, хийсвэр мөрийтэй тоглоом, бага зэрэг ёс бус үг хэллэг агуулдаг. Гэхдээ энэ нь тийм их санаа зовохоор хэмжээнд биш бөгөөд 13 насны хүүхдүүд тоглоом гэдгийг ойлгохуйц болсон байдаг тул хор нөлөө үзүүлэх нь бага.
17 болон түүнээс дээш насныханд зориулагдсан тоглоомыг илтгэнэ. Энэ үнэлэмж бол тоглоом бүтээгчдийн хамгийн их айдаг үнэлэмж боловч зарим тоглоомнууд яах ч аргагүй энэ үнэлгээнд багтдаг. Энэ ангилалд секс дүр төрх, цус, ёс бус үг хэллэг, согтууруулах ундаа зэрэг зүйлс агуулсан тоглоомнууд багтана. Хэрвээ энэ төрлийн тоглоомыг таны 17-с доош насны хүүхэд тоглохыг хүсвэл та хажууд нь байж хүүхдэд тоглоом гэдгийг ойлгуулж эдгээр зүйлсийн талаар зөв ойлголт өгөх хэрэгтэй. Харин эцэг эхийн зөвшөөрөл хараа хяналтгүйгээр энэ ангилалын тоглоомыг 17 -с доош насныханд тоглуулахгүй байх нь зөв юм.
Тоглоомын ертөнцөд маш ховор хэрэглэгддэг ангилал. Энэ ангилалд багтсан тоглоомнууд нь зөвхөн насанд хүрэгчдэд зориулагдсан байдаг бөгөөд зөвхөн насанд хүрэгчдийн зугаа цэнгэлд тохирдог. Ийм төрлийн тоглоомнуудыг дэлгүүрүүд хүүхдэд худалдаалах ёсгүй бөгөөд архи, тамхины адилаар зөвхөн насанд хүрэгчдэд л худалдаалах боломжтой. Энэ төрлийн тоглоомнууд бусад тоглоомноосоо хамаагүй бага бөгөөд энэ төрлийн тоглоомнууд амжилт олж их хэмжээний орлого авчирсан удаа байхгүй. Ийм тоглоомнууд нь хүчирхийлэл, секс, ёс бус үг хэллэгийг дээд хэмжээнд агуулах бөгөөд энэ ангилалд 2010 он хүртэл ердөө 25 тоглоом л багтсан юм. Хэрвээ тоглоомнууд энэ үнэмлэмжийг авахуйц болсон байвал үйлдвэрлэгчид тоглоомноосоо ямар ч эргэлзэлгүйгээр тэдгээр элемэнтүүдийг авч хаяж ядахнаа М ангилалд багтаахыг хичээдэг.
Үнэлгээ авч амжаагүй тоглоомонд энэхүү тэмдэглэгэ явдаг. Худалдаанд энэ тэмдэглэгээтэй гарах бараг үндэсгүй бөгөд зөвхөн тоглоом гарахаас өмнөх Трэйлер, богино хэмжээний танилцуулга зэрэгт л олгогдоно.
Ангилалууд маань эдгээрээс бүрдэнэ. PEGI -н ангилал үүнтэй төстэй боловч зөвхөн тоо тавьдагаараа ялгаатай юм.
Дээрхи ангилалуудаас Ao ангилалыг одоог хүртэл олон улсад шүүмжлэлтэй авч үзэж байгаа бөгөөд энэ ангилалыг бүр мөсөн хасах энэ ангилалд багтахуйц тоглоомыг огт гаргахгүй байх талаар яригдаж байгаа юм. Энэ ангилалд Manhunt 2, GTA San Andreas зэрэг тоглоомнууд орж байсан боловч үйлдвэрлэгчид тоглоомноосоо хасалт хийсний үндсэн дээр М ангилалд оруулан худалдаанд гарч байжээ.
Хэдийгээр ангилалуудаг баримтлан хүүхдүүддээ тоглоом сонгох нь зөв боловч яг насан дээр нь тулгуурлан хүүхэддээ сонголт хийх нь бүтэхгүй асуудал. Учир нь хүүхдүүд сэргэлэн юм ойлгох чадвар нь их байх тусам насандаа ахадсан тоглоомнууд сонирхдог. Насанд нь яг тохирсон тоглоомыг эцэг эхчүүд хүүхэддээ сонгох үед тэдгээр тоглоомнууд нь хэт уйтгартай бүр бага насныханд зориулагдсан байх нь элбэг юм. Тэгэхээр таны хүүхэд ямар тоглоом сонирхож буйг нь эхлээд мэд өөрийн насанд нь ахадсан тоглоом байвал цуг тоглож буруу зөвийг нь ойлгуулах нь чухал. Жишээлбэл бидний хамгийн их тоглодог Counter Strike тоглоом нь М ангилалд багтдаг буюу 17 болон түүнээс дээш насныханд зориулагдсан байдаг. Гэтэл хүүхдүүдийн ихэнх нь тоглоомыг тоглох сонирхолтой зарим нь бүр спорт болгон хичээллэдэг. Тэгэхээр тэр сонирхлыг та шууд хаахын оронд энэ бол тоглоом, хүнийг биш тоглоомын дүрүүдийг буудаж буйг ойлгуулах нь зүйтэй. Харин шууд хориглосноор таны хүүхэд нууцаар тоглох, донтох том хүмүүстэй нөхөрлөж болно.
Мөн хүүхдүүдийг тоглоомоор тоглуулахаасаа өмнө тоглоомны талаар өөрөө судалж, сонирхож хүүхдэд сайн муу тал нь юу байна, хүүхэддээ хэрхэн зөв ойлгуулах талаар бодох хэрэгтэй. Түүнээс гадна үнэхээр тоглох сонирхолтой байвал тодорхой болзол тавь. Жишээ нь тэр хичээл дээрээ онц ав, өдөрт тэдээс тэдэн цагийн хооронд тогло, гэрээ цэвэрлэ, хичээлээ хий гэх мэт.
Харин хүүхдийн оюун санааг хөгжүүлж байгаа нь энэ гээд шууд сул тавьж хэрхэвч болохгүй. Ямар ч тохиолдолд бусад ямар ч зүйлийн адил энэ нь муу үр дагавартай.Таны хүүхэд муу зуршилтай болж болохоос гадна тархи толгой нь ачааллаа даахгүй ядаргаанд орж болзошгүй. Хэдийгээр ихэнх тоглоом нь хүүхэд болон томчуудын санах, сэтгэх, шинийг эрэлхийлэх зэрэг сайн нөлөөтэй байдаг хэдий ч ямар ч юманд хэмжээ хязгаар байх ёстойг мартаж болохгүй юм.
Анхаарал тавьсан танд баярлалаа. Эцэст хэлэхэд Цахим спорт гэдэг зүйлийг хүүхэд тань сонирхож хичээллэж эхлэсэн бол сайн цаг баримтлуулж боож хаалгүй хичээллүүлж байгаарай. Дэлхийн дээр сардаа 10 мянган долларын цалинтай цахим спортын тамирчид хэдэн зуугаар тогтохгүй байдаг. Үнэхээр авъястай чадварлаг тамирчдыг тэдгээр багууд, ивээн тэтгэгчид хаанаас ч гэсэн олоод өөрсдийн нэрэн дор тоглуулах сонирхолтой байдаг юм шүү.
Эх сурвалж: Gamez.mn
Posted by : s1mJkE PLAY-dA CROPPCLOThiNG =DDDD
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment